Urban Citizen

Их гүрний хүн

Х.Цолмон2026 оны 9 сарын 512 минут уншинаГэрэл зураг: Б.Бат-Оргил

Өмнөтгөл: Солонгос ханзтай бандана, спорт чихэвч, скүүтер, тамхи, цэмцгэр маягийн хагас чөлөөт хувцаслалт. Барсболдын Дэнзэн хотын төв цэг дэх Марко Пологийн хөшөөний дэргэд зогсоно. Нас сүүдэр жар хэвийсэн түүний байр байдал нүдэнд монголчуудын уламжлалт төсөөллөөс хавьгүй залуулаг, бас шинэлэг тусна. Бид Марко Пологийн хөшөөний дэргэд зүгээр ч нэг цаг товлосонгүй, түүний өөрийн бүтээж босгосон хөшөөний дэргэд зогсоо нь тэр юм. Улаанбаатар хотод сүндэрлэсэн цөөнгүй хөшөө түүний гараар бүтсэнээс дурдвал Б.Ринчен, С.Зориг агсан болон Битлз хамтлагийн хөшөөг нэрлэж болно. 

Бямбын Ринчен. Ринченгийн хөвүүн Барсболд. Барсболдын хөвүүн Дэнзэн гэж монголчуудад танил маягийн эхлэлээр түүнийг танилцуулж болох авч энэ удаа түр азнаж, зураач, барималч Барсболдын Дэнзэн хэрхэн Den Barsboldt гэж дуудагдах болсон тухай, хаана ч суурьшилгүй дэлхийн том хотуудаар “нүүдэллэн” амьдардаг сонирхолтой амьдралын хэв маяг хийгээд олон улсын хэвлэлд түүнийг “Сүүлчийн нүүдэлчин” хэмээн тодотгон бичсэний цаад учгийг хөндөн чөлөөт ярилцлага өрнүүлснээ дор сийрүүлье.  

Сэхээтэн гэж хэн бэ?

Гурван үеэрээ Улаанбаатарт амьдарсан Б.Дэнзэн Монголын жинхэнэ сэхээтний сонгодог төлөөлөл билээ. Түүний өвөө бичгийн их хүмүүн Бямбын Ринчен, харин аав нь олон улсад нэртэй палеонтологич, академич, доктор Р.Барсболд агсан. Тиймдээ ч юуны түрүүнд, хүмүүс янз бүрээр тайлбарладаг сэхээтэн гэх ойлголтыг хэрхэн тэр хүлээж авдгийг асууснаар бидний чөлөөт яриа эхэлсэн юм. 

“Сэхээтэн гэж манай өвөөгийн зохиосон ойлголт. Оросууд бол интеллигент гэж ярьдаг. Энэ нь Английн intelligence-ээс арай өөр утгатай. XIX зууны хэсэг оросуудын дунд түгсэн ойлголт. Боловсролтой, сургууль соёл төгссөн, ном үздэг, уншдаг, мэдлэгтэй, ёс суртахуунтай хүнийг ингэж нэрлэдэг. Манайхны зөвхөн сургууль төгсөж, ромботой болчихоод л өөрийгөө сэхээтэнд тооцдогоос ялгаатай. Гэвч коммунизм нурж сэхээтэн гэх ойлголт бага багаар бүдгэрсээр байна. Одоо бидний амьдралын өнгө өөрчлөгдөж бизнес, банк санхүүгийн хүмүүс, үйлдвэрлэгчид илүү чухал болж”.  

Хот гэдэг гэр

Төрөлх Улаанбаатараа хот суурин өндөр хөгжсөн газруудтай харьцуулахад олон зүйл ажиглагддаг. Манайхан нэлээд хоцорч байгаа ч аливааг их түргэн эзэмшдэг юм байна. Бидний үед хот их хоосон, ядуу байлаа шүү дээ. Хоёр, гуравхан ресторантай, оочерлож ордог байсан. Харин одоо илүү элбэг, илүү гоё, илүү баян, илүү олон түвшинтэй ч болж байна. Байшин барилгын хувьд ерөнхийдөө орчин үеийн хот болчихлоо. Гэвч нөгөө талаас, хуучны барилгуудаа нурааж, оронд нь хорин давхар байшин босгоё л гэсэн хүмүүс байх болж. Европт гэхэд хэзээ ч тэгдэггүй. Эсрэгээрээ засдаг, гоё сайхан болгодог, үгүй ядаж нэг хэсгийг нь үлдээж, өөр барилгатай нийлүүлэн сэргээж өнгө үзэмжийг нь нэмдэг. Олон зуун жил хотод амьдарч ирсэн учраас тэдний ухамсар, ойлголт нь өөр. 

Өнөөдрийн 20 настай залуучууд 10, 20 жилийн дараа энэ улсыг яг л авч явна. Тэр үед энэ хот бүр гоё сайхан болох байх гэж найддаг. Яагаад гэвэл хот руу хөдөө гадаанаас их олон хүн орж ирсэн. Ихэнх нь бичигдсэн, бичигдээгүй хуулиудыг мэддэггүйгээс болж зөрчлүүд үүсдэг. Коланы лааз, тамхины иш, хогоо хаа сайгүй хаячихна. Гэтэл хот гэдэг бидний гэр шүү дээ. 

“Би их гүрний хүн” 

Унгар, Чех, Хятадад олон жил амьдарлаа. Америк, Орост ч амьдарч байсан. Герман, Францад ч дандаа л хотуудаар явж ирлээ. Би их гүрний хүн. Тиймдээ ч Лондон, Нью-Йорк хотуудад их дуртай. Дэлхийд хоёр том их гүрэн байсны нэг нь Монголын эзэнт гүрэн, нөгөө нь Их Британи. Энэ хоёроос илүү хүчтэй, том газар нутгийг эзэлсэн, түүхэнд үлэмж нөлөө үзүүлсэн гүрэн үгүй. Лондон хотын төвөөр алхахад Викторианы үе буюу 1850-1900 он хүртэлх үеийн нөлөө нэвт харагддаг. Викториа хатны энэ үед Лондон хот хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байдаг. Харин Нью-Йорк бол харьцангуй шинэ хот. Энэ жил Америкийн 250 жилийн ой тохиож байна. Ийм богино хугацаанд энэ хэмжээний том гүрэн бий болж болдог юм байна гэдгийг харууллаа. 

Бээжин ч бас жинхэнэ их гүрний хот. Тэндхийн гудамжууд нь их өргөн. Харин Прагад нэг их дуртай биш. Яагаад гэвэл Вант улсын хот. Оронд нь Будапештд илүү дуртай. Учир нь жинхэнэ их гүрний хот. Асар том байшин барилгатай, гудамжууд нь хэдэн метр ч өргөн юм. Улаанбаатар харин хотын хувьд нэг их тогтоогүй, бүрэн төлөвшөөгүй. Бүх юм нь холилдох маягтай. 

Мөрөөдлийн хөшөө

Марко Пологийн хөшөөг мөрөөдөж, би 10 гаруй жил хөөцөлдсөн. Хөшөө барих газрыг өөрөө олж, MCS группээс зөвшөөрөл хүсэж байлаа. Улмаар хөрөнгө босгох ажлыг хийж, энд тэндээс мөнгө гуйж их явсан. Өөрөөсөө ч хөрөнгө мөнгө гаргасан. Ер нь барималчны ажил гэдэг гуйлгачны ажил шүү дээ (инээв). 

Яагаад заавал Марко Поло гэж? хүмүүс надаас их асуудаг. Чи ч асууж байна. Монголын түүхэнд их гавьяатай хүн. Монголд нийт 17 жил байхдаа Хубилай хаанд их ойр шадарлаж явсан. Европт эргэж очоод тэр талаараа ном бичсэн ч тухайн цагийн хүмүүс итгэхгүй, худлаа ярьж байна гэцгээн үл ойшоосон. Цаасан мөнгийг гүйлгээнд нэвтрүүлсэн гэх зэрэг баримтыг сонсоод европчууд чихэндээ ч итгээгүй. Хархорин хэмээх нийслэлд нь бүх шашны сүм зэрэгцэн, энх тайван оршдог гэхэд нь бүр ч итгээгүй. Марко Пологийн нэг том гавьяа нь Европоос гадна өөр соёл, ёс заншилтай баян улс орнууд дэлхийд оршин тогтнодгийг европчуудад ойлгуулсан. Христофор Колумб хүртэл Америк тивийг санаандгүй нээхдээ хоёр ном авч явсны нэг нь Библи, нөгөө нь Марко Пологийн бичсэн ном байсан гэдэг. 

Хөшөөний тухай яриандаа эргээд ороход Хятад, Орост барьж босгох талаар анх нэлээд хөөцөлдсөн юм. Гэтэл тэд хэзээ ч гадаадын хүмүүст зориулж хөшөө босгодоггүй болж таарсан. Харин манай монголчуудын хувьд юу нь сайн бэ гэвэл нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байхад хотын гудамжинд харийн алдартнуудын хөшөө босож л байдаг. Өөрөөр хэлбэл, монгол хүн дотроосоо л их гүрний хүн. Вант улс зөвхөн нэг үндэстнээс бүрддэг бол их гүрэн олон үндэстнээс бүрэлддэг. Тиймээс бүгдийг хүлээн зөвшөөрдөг. 

Эх орон гэж ийм л өвөрмөц! 

Надад Улаанбаатарын тэр хэсэгт л дуртай, үүнд нь хайртай гэсэн зүйл байгаагүй. Ерөнхийдөө их ядуу хот байлаа шүү дээ. Харин одоо өндөр сайхан байшингууд баригдах болж. Гэхдээ орчин үеийн хотод номын сан багасаж, банк олширдог нь жам бололтой. 

Миний бага нас Германы ЭСЯ-ны дэргэдэх “Багш нарын 28” гэж байранд өнгөрсөн. Дараа нь 40 мянгат руу гэр бүл маань нүүж, тэндээ олон жил амьдарсан даа. Намайг Орост сурч байх хугацаанд дахиад ч хэд хэд нүүсэн. Эхлээд Орост, дараа нь Унгар, Чехэд амьдарсан ч, би жил бүр Монголдоо 3-6 сарын хугацаатай заавал ирдэг. Учир нь энэ миний нутаг, би хайртай. Дургүй хүрч, уурлаад байгаа хэрнээ л ирээд байгаа юм. Эх орон гэдэг ийм л өвөрмөц эд байдаг юм байна. Хотод ирвэл гэртээ л ихэнх цагийг өнгөрүүлдэг. Хүмүүс ч гэрт байнга зочилж ирдэг. 

Ер нь миний найз нөхөд надаас ихэнхдээ олон ах хүмүүс байсаар ирж. Эрдэмтэн, сэхээтэн, зураач, барималч гэх мэт элдэв янзын хүмүүс бүгд надаас дор хаяж 14, 15 насаар ах байв. Нэг мэдэхнээ бүгд бурхан болжээ. Лев Гумилёв хэмээх монголч эрдэмтэнтэй их сайн найз байлаа. 1970-аад оны сүүлчээр, хүнд хэцүү байх үед нь бид танилцсан. Тэгэхэд би дөнгөж 20 настай, Лев Николаевич 70 гарсан хүн байлаа. Долоо хоног бүр түүнтэй уулзана, бас лекцэнд нь сууна, гэрт нь ч очно. Эхнэртэй нь гурвуулаа элдвийг хүүрнэн суусан өдрүүд цөөнгүй. Би өөрөөсөө илүү ухаантай, цэцэн, мэдлэгтэй хүмүүстэй хамт байх дуртай. Тэдэнтэй ярилцаж, байгаа байдал, мэдлэг, яриа хөөрөө зэргээс нь үлгэр жишээ авдаг. 

Миний эхнэр Дулмаа

Миний эхнэр монголч эрдэмтэн, монгол угсаатан судлаач, чех хүн. Монголд Чехийн элчин сайдаар ч ажиллаж байсан. Би эхнэртээ Дулмаа гэж монгол нэр хайрласан юм (Тэрбээр яриан дундаа миний эхнэр Дулмаа хэмээн ярьсан нь сонирхол татаж, улмаар энэ талаар асуусан билээ). Уг нэр нь Ивана. Элчин сайд байхад нь Монголын сайд, дарга нар, Гадаад харилцааны яамныхан ирж уулзахдаа бүгд л “Дулмаа сайд аа” гэдэг байлаа. Анх Унгарт нэгэн хурлын үеэр эхнэртэйгээ танилцаж байв. Аливааг эхэлсэн л бол дуусгадаг, зарчимч хүн бий. Ажилдаа ч, хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ч ингэж л ханддаг. Бид хоёр их эв найрамдалтай. 

Өвөө маань хэлдэг байлаа. “Язгууртан айлд зочид ирэхэд хүүхэд, нохой саад болох ёсгүй гэсэн бичигдээгүй хуультай”. Зарим айлд хүмүүс зочилж ирээд ярилцаж байхад хүүхэд нь гүйж ирж саад болдог. Эхнэрээ төрөхөөс нь өмнө би энэ талаар хэлсэн. Эхнэр маань ч их хичээсэн. Манай хүүхдүүд энэ бүхнийг багаасаа л мэддэг байлаа. Энэ бол зүгээр л өдөр тутмын соёл. Түүнээс биш соёл гэхээр Цагаан сар, наадмаар дээл гоёлоо гайхуулж алхах биш шүү дээ.  

Мультилингуал буюу олон хэлтэн

Чех хэл сайн сурдаггүй шалтгаан маань нэгт, манай эхнэр монголоор сайн ярьдаг. Хоёрт, оросоор ч мөн ярьдаг. Цагаан сараар гэр бүлийнхнээ ажиглахад ерөнхийдөө таван хэлээр ярьж байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт гэсэн үг л дээ. Хүүхдүүд маань ээжтэйгээ чехээр, надтай оросоор, эсвэл англиар ярьдаг. Хүү маань эгч дүү хоёртойгоо англиар ярилцана. Харин 14 настай бага охин минь надтай монголоор ярих их дуртай (Охидынхоо зургийг ухаалаг утаснаасаа харуулав).  

Миний хувьд унгараар дажгүй сайн ярьдаг. Олон жил Орост сурсан учраас мэдээж оросоор ярина. Өмнө хэлсэнчлэн, муухан чех хэлтэй. Урьд нь польш, испани хэл маань боломжийн түвшинд байсан. Хүн хартай харилцахгүй бол ямар ч хэл мартагдана. Гэхдээ орчинд нь оччихвол сарын дотор л сэргэнэ. Хятадад олон жил болсон атлаа цөөн хэдхэн үг л мэддэг. Мэдээж хэрэг орчин үеийн нээлттэй ертөнцөд англи хэлгүй бол чи юу ч хийж чадахгүй. Тиймээс зайлшгүй эзэмших ёстой. Энэ бол дэлхийн хэл. 

Аливаа хэлийг сурахад авьяас гэхээс илүү нөхцөл байдал их нөлөөлдөг юм шиг. Залхуураад л байвал ямар ч хэлийг сайн сурахгүй. 

Орчин цагийн “нүүдэлчин”

Би Чехэд, бас Унгарт голдуу байдаг. Харин сүүлийн хэдэн жил Чех, Унгар, Монгол, Хятадад ирж очин байлаа. Өнгөрсөн жил гэхэд Хятадад нэг хөшөө босгосон учраас олон удаа явж таарсан. 11 настайдаа анх Оросын Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцахаар тус улсыг зорьж байв. Ингээд Москвад зургаа, Ленинградад зургаан жил тус тус суралцаж мэргэжил эзэмшсэн.  

Ер нь би аливаа газар гурваас дээш сар болоод ирэхээрээ л залхчихдаг. Бид чөлөөт ертөнцөд амьдарч байна. Нэг бүтээл хийлээ, залхлаа, онгоцны тасалбар захиалаад ниснэ. Тайланд руу юу, Чех рүү юү ялгаагүй. Өглөө нь Улаанбаатарт байсан хүн орой нь Прагад шар айраг уугаад сууж байгаа юм. Энэ ч утгаараа өнөөдрийн энэ ертөнц, энэ амьдрал надад их таалагддаг.  

Бээжинд буулаа. Нэг бол найз нөхдийндөө, эсвэл зочид буудалд байрлана. Гудамжаар нь алхахад байнга л амьдарч ирсэн юм шиг мэдрэмж төрдөг. Лондон, Парис хотууд ч ялгаагүй. Харь хотод ирчихлээ гэсэн мэдрэмж огт төрдөггүй. Өөрөөр хэлбэл, ямар ч зөрчил үүсдэггүй. Том хотуудаар явдаг энэ амьдралдаа би нэгэнт дасчихаж.  

Тийм болохоор надад хаана ч урлан байдаггүй. Жижиг сажиг бүтээлийг зүгээр л гал тогоо юм уу, өрөөндөө ширээний ард суугаад л зурчихдаг. Том бүтээл хийхээр бол найз нөхдөөсөө урлан түрээслэдэг. Би байнга гадаад дотоод явдаг хүн учраас заавал урлантай байх шаардлага үүсдэггүй. Энэ нь ч амар байдаг юм.  

Аз уу, авьяас уу, аль эсвэл…?

Зураач, барималчдын амьдрал хэцүү, өрсөлдөөн их, харгис. 100 оюутан урлагийн сургуулийг төгслөө гэхэд тэндээс гарын таван хуруунд багтахуйц нь л тодорч гардаг. Зөвхөн Монголд ч биш Америк, Англи, Хятад гээд дэлхийн хаана ч яг ижил. Мэдээж тохиолдол, аз гэж бий. Үүний хажуугаар юу ч хийхгүй залхуураад хэвтээд байвал юу ч тохиолдохгүй л дээ. Мөн авьяас гэж их чухал юм байна. Гэхдээ хэчнээн сайхан авьяастай ч цаг үедээ таараагүй хүн гэж бас бий. Винсент Ван Гог, Поль Гоген гэхэд л амьд ахуйдаа өөрийн бүтээлээ зарж чадаагүй, архичин, тамхичин, ядуу амьдралтай байсан. Гагцхүү нас барсных нь дараа л сая нэг бүтээлийг нь ойлгож, хүлээж авсан байх жишээтэй. Манайд ч тийм хүмүүс бий. Нас барсан хэдэн найз минь яг л тийм. Эцсийн эцэст бүгд л адилхан хомо сапиенс шүү дээ. Нэг нь костюмтай, нөгөө нь дээлтэй л болохоос бид бүгд баярлахдаа инээдэг, гашуудахдаа уйлдаг. Авьяас, эрч хүч, аз. Эд бүгд нийлж байж аяндаа үр дүнд хүрдэг. Бас өөрөө өөртөө итгэх хэрэгтэй юм билээ. 

Ном унших уу, үзэх үү?

Би өдөр бүр уншдаг.  Өчигдөр орой ч, өнөө өглөө ч тэр. Манай өвөө “Ном унших, ном үзэх гэж хоёр өөр ойлголт” гэж хэлдэг байлаа. Лам нарын уншлагыг ном унших гэж хэлж болно. Харин үзэх гэдэг нь нүдээрээ харж байгааг хэлнэ. Гэвч өнөөдөр монгол хэл тасралтгүй өөрчлөгдсөөр л байна. Жишээлбэл, хүмүүс “Гоё хоол” гэж ярьдаг болчихож. Миний муухай дургүй үг. Гоё гэдэг эстетикийн категори болохоос амтны категори биш. Гоё хүүхэн, гоё зураг гэж ярьж болно. Гэтэл яаж гоё хоол байж болох вэ? Юугаараа гоё юм? Түүний оронд  амттай хоол гэж хэлбэл зохино. Одоо ч хүн бүр ингэж ярьдаг болчихлоо. Хэл гэдэг хүссэн, хүсээгүй өөрчлөгдөөд л явдаг юм байна. Ингээд яривал олон жишээ байна. Намайг танихгүй хүмүүс “Та Монголд олон жил байгаагүй юм шиг байна” гэдэг юм (инээв). 

Орчин үеийн америкаар ярихыг жинхэнэ Оксфордын англи хүн сонсоод чих нь өвддөг, дургүйцдэг. XIII зуунд бичигдсэн Монголын нууц товчоо байна. Аваад яг тэр үеийн хэлээр нь уншвал өнөөдөр 90 хувь нь ойлгохгүй. 

Би номыг хэд хэдээр нь сэлгэж уншдаг. Пу Сунлин хэмээх нууц нэрээр бичдэг байсан Ляо Жай гэх хятад зохиолч, мөн Чеховыг байнга уншина. Гурван улсын үлгэр, Сүн улсын Хүйтэн уулын бичиг тэргүүтэй Хятадын сонгодог романуудтай багаасаа танилцаж, уншиж өссөн. Тэр сайхан бүтээлүүд бүгд хуучин монголоор манай номын санд одоо ч хадгалагддаг. Намайг бага байхад өвөөгөөс эхлээд тухайн үеийн Монголын сэхээтнүүд бүгд эдгээр эртний сонгодог бүтээлийг мэддэг байлаа. Монголчууд XIII зуунаас хойш Ганжуур, Данжуурыг эс тооцвол Япон, Хятад, Дундад Ази, Энэтхэгийн бүтээлийг бүгдийг нь монгол хэлээр орчуулдаг байсан юм. Сталины тушаалаар кирилл бичигт шилжсэнээс хойш монголчуудын тэр сүрхий том соёл байхгүй болсон. 

Ер нь уран зохиол, түүх аль алийг нь судалж байх хэрэгтэй. Тухайлбал, МЭӨ VI зууны Перс гүрний түүхэд би их дуртай. Хааяа үзнэ, уншина, шинэ мэдээлэл хайна… 

Сониуч, догь, бас орчин цагийн хэллэгээр бол cool хүн гэж түүнийг тодорхойлж болно. Нэгэнт зай талбай маань хязгаарлагдмал тул хязгааргүй өргөн цар хүрээнд өрнөж болох байсан бидний төгсөөгүй яриаг энд хүргээд төгсгөе.

Холбогдох нийтлэл

Ask About Health · 08.28

“Хамгийн том буруутан”

Бид нэг хүнсийг хэтэрхий буруутгаж байна уу?

Унших
Хамтарсан нийтлэл · 08.31

Club Maya: Гурван мэдрэмжийг нэг дороос

Choco Family-ийн шинэчилсэн гурван орон зайг үзлээ

Унших
Urban Trend · 08.26

Халуун зуны халуухан тренд юу болон тогтов?

Загварын салбарын завгүй зөгийнүүдийн урсгалд өчигдөрхөн л өсгийт дотуур оймс өмсөх нь “ Nerd ” чиглэл байсан бол өнөөдөр хамгийн загварлаг залуусын сонголт болчихлоо гэж үү?

Унших