Urban Rewind

Миний төрсөн нутаг МИКР... Хааччихав аа?

Н.Батдэлгэр2026 оны 8 сарын 275 минут уншина

Өчигдөр ба өнөөдөр

Дэлхийн томоохон нийслэл хотууд өөрсдийн түүх, архитектур, соёлын нүүр царай болсон дахин давтагдашгүй лэндмарк (Landmark) буюу бэлэг тэмдэг болсон барилга, байгууламжуудаараа алдартай байдаг. Парисыг Эйфелийн цамхаг (Eiffel Tower)-гүйгээр, Лондоныг Биг Бэн (Big Ben) ба Парламентын ордонгүйгээр, Италийн нийслэлийг Эртний Ромын эзэнт гүрний сүр жавхланг илтгэх амфитеатр Колизей (Colosseum)-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Одоо харин нийслэлийнхээ өнгө төрх, түүхийг хүүрнэх ямар барилга байгааг санах гээд оролд доо… Төв музей, Урт цагаан гээд хойтохоо уншуулсан хичнээн олон түүхэн дурсгалт барилгууд байна…

Миний хүүхэд нас Улаанбаатарын хамгийн тохилог, хамгийн сайхан хорооллуудын нэг болох 12 дугаар микрорайонд, биднийхээр бол “Микр”-д өнгөрсөн юм. “Дарга”-аасаа даалгавар аваад бууриа эргэхээр наадмын өмнөхөн очоод, “төрсөн нутаг”-аа хайгаад “олсонгүй”, хөөрхий минь бетонон ширэнгэн дотроос харагдахаа больж…

1970 он. Улаанбаатар хотын 12 дугаар микрорайон

1970 он. Улаанбаатар хотын 12 дугаар микрорайон. Эх сурвалж: НАГ

Зураг 1. Өчигдөр. Архитектурын ансамбль, цэгцтэй “Микр”

Энэ бол 1970 оны гэрэл зураг. Тухайн үеийн Улаанбаатар хотын хөгжил, шинэ хорооллуудын бүтээн байгуулалтын бэлэг тэмдэг болсон 1966 оноос бүтээн байгуулалт нь эхэлсэн Сансарын туннель болон 12-р хорооллын анхны өнгө төрх. Энэ өнчин ганц улиас, гэр, хэдэн амбаартай газраас хойшоо 100 айлын гүүр хүртэл үргэлжилсэн “аварга” талбайтай олон мод, бут, сөөгтэй сайхан цэцэрлэгт хүрээлэн бидний багад байсан. Гэхдээ 1970 онд бүтээн байгуулалт нь хараахан эхлээгүй байсан бололтой.

Зүүн Сэлбийн хөвөөг эмжсэн “Американ дэнж” хэмээх өндөрлөгт боссон “12 дугаар микрорайон” нь таван давхар тоосгон байшин болон угсармал хавтгаалжин барилгуудыг хослуулан цогцлоосон хот байгуулалтын шинэ үеийн эхлэл байв. Хотын төвтэй холбох засмал замыг хөндлөн судал шиг газар сэтлэн хөндийлж зассан бөгөөд хорооллынхоо хойд болон өмнөд талыг хүрээлэн сүндэрлэх 9 давхар орон сууцнууд нь тухайн үедээ Улаанбаатар хотын хамгийн анхны өндөр барилгууд болон мандаж байлаа.

Энэхүү зураг бол амар амгалан, цэгцтэй байдал, тэгш төлөвлөлтийн бодит жишээ юм.

Нэгдсэн төлөвлөлттэй хот. Сансарын туннель ба түүний эргэн тойрон дахь барилгууд нь зүгээр нэг тоосгон барилгууд бус, хотын архитектурын нэгэн чухал “ансамбль” байлаа. Барилгууд нь бие биеийнхээ нарны гэрлийг хаахгүй, хоорондоо уужим орон зайтай, оршин суугчдад амьдрахад хамгийн таатайгаар төлөвлөгдсөн байв.

Бичил хорооллын соёл. 12-р хороолол буюу бидний нэрлэж заншсанаар “Микр” нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахуйн үйлчилгээ гээд хэрэгцээт бүхэнтэйгээ ойр, аюулгүй, тайван орчинг бүрдүүлж байлаа.

Өнөөдөр. Сансарын гүүрний хойно талаас авсан зураг

Тайлбарлалтгүй…

Зураг 2. Өнөөдөр. Шинэ цагийн “шилэн ойд” төөрөх хүртэл

Харин одоо энэ зургийг хараач. Бараг л тэр өнцгөөс, Сансарын гүүрний хойхно талаас авсан зураг. Хуучны хотын дахин давтагдашгүй архитектурын ансамбль нь бүхэлдээ алдагджээ.

Замбараагүй барилгажилт. Нэгдсэн төлөвлөлтгүй, хоорондын зай хэмжээг огт тооцоогүй боссон өндөр барилгууд орчны үзэгдэх орчныг таглаж, бидний хүүхэд насандаа хардаг байсан тэр уужим орон зай, цэлгэр орчныг үгүй хийжээ.

Түүхээ нураасан хот. “Хөгжил”, “шинэчлэл” нэрийн дор хуучны хотын түүхийг агуулсан, архитектурын дурсгалт барилгуудыг нурааж, оронд нь ямар ч амин сүнсгүй, хүйтэн шилэн цамхагуудыг босгосон нь харамсалтай.

Түгжрэл ба бухимдал. “Микр” маань одоо амьдрахад таатай, амар амгалан орчин биш, харин барилга ба машинд хавчигдсан, замбараагүй, бухимдалтай “бетонон ой” болон хувирчээ.

Дүгнэлт

Улаанбаатар хот маань хөгжиж байгаа гэхээсээ илүүтэй үнэт зүйл, түүх, соёл, архитектурын өвөө алдсаар байна уу даа гэх бодол автана. Бидний хүүхэд насны тэрхүү цэгцтэй, төлөвлөлттэй, дулаан сэтгэгдэл төрүүлдэг байсан “Микр”-ийгээ тэр хэвээр нь дахин хэзээ ч олж харахгүй гэж бодохоор харамсалтай.

Холбогдох нийтлэл

Ask About Health · 08.28

“Хамгийн том буруутан”

Бид нэг хүнсийг хэтэрхий буруутгаж байна уу?

Унших
Хамтарсан нийтлэл · 08.31

Club Maya: Гурван мэдрэмжийг нэг дороос

Choco Family-ийн шинэчилсэн гурван орон зайг үзлээ

Унших
Urban Citizen · 09.05

Их гүрний хүн

Бямбын Ренчингийн ач хүү Дэнзэнтэй Сүхбаатарын талбайн бэлд уулзав

Унших